Өлсгөлөнгөөр, ажил хаялт, суултаар, өргөх бичиг, өөлж шоолох огцруулалт,
хэлмэгдүүлэлт, туйлшралаар салхилсан ардчилсан хувьсгалын гэрэл гэгээ дагасан сүүдэрт бараг бүгд л өлсгөлөнд нэрвэгдэж, үйлдвэр нь түүхий эдээр, хүн нь хоол хүнсээр, оюуны тэжээлээр өлбөрч гачигдан ажилгүй сууцгааж, цуурхагч, гүтгэгч, хоосон чалчигч, мэдэмхийрэгч, номлогч, мэргэч төлгөч нар гаарч, хийсэн бүтээсэн нь саарч, хэрэглэдэг, өмсөж зүүдэг нь ховордлоо. Билэггүй үг биелдэг ажээ. Билэггүй үг битгий хэлээч! Нүгэл гэм гэдэгсэн. Нүгэлтэй юм ч болдгоо болоод байх шиг байнаа. Хэдийд хийсэн их нүгэл нь нүдээрээ гарч байгаа нь энэ юм бол.
Харин цаашдаа нүгэл хилэнцээ нимгэлж болдог л байгаа даа. Ардаас татгалзсан ардчилал, ажнай хүлгээ алсан алдас, авгай хүүхнээ нүцгэлсэн уралдаан, алцайгаа худалдсан завхайрал, архинд автагдсан зан,
самбараа алдсан багш, сахилаа алдсан лам, чагнуураа орхисон эмч, чанараа гээсэн бүтээгдэхүүн, соёлоо мартсан үйлчилгээ, солгой хөгжсөн наймаа, Монгол минь альхан тийшээ замнана вэ?
Хүн хүндээ нөхөр биш, хүн хүндээ чоно болсон нийгэм гээч нь ойртоно уу.
"Ахуй төр минь бүү алдартугай" гэсэн их эзний гэрээслэл сургаал бийсэн дээ.
Төрийн толгой руу түмнээрээ түшүүлэн өргүүлж авиран тэмүүлсэн тэр хошуучлагчид маань суудлаа бат олсон л байгаасай. Доороо бид гүйдлээ олж чадахгүй л байх шиг. Хичнээн ч олон хууль улан доор маань хөглөрнө вэ. Харин ч хээл хахууль гэдэг бичигдээгүй хууль биеллээ олж хэрэгжиж эхлэв бололтой. Хээл хахууль гэдэг бичигдээгүй хууль ингэж амьдралд их эрчтэй хэрэгжчих юм бол өөр олон хуулиудын хэрэг нь юу байна гэж гашуудан бодном.
Тэр олон хуулиудыг улан дороосоо авч тоос шороог нь сэгсэрч толгой дээрээ өргөн, эгнээ эгнээндээ бүгд орцгоогтун. Төр минь түвшин байх болтугай. Тарж бутарсан хөрөнгө, тавьж туусан мал, талхлагдаж гүйцсэн газар, тал тал руугаа харсан хүн, та нар минь хэзээ нь эвэндээ орох болдоо. Төрийн минь сүлд өршөө!
Сүжиг алдарсан бурхан, сүүмэлзэх төдий итгэл, сүлэгдэж холилдсон цус, шүүрс алдам завхрал, сүүлдээ юу болохыг мэдэхгүй өр зээл, сүүдэрт орсон Монголд минь хэзээ гэрэл гэгээ тусах юм болдоо.
Төрийн минь сүлд өршөө!
Билэггүй үг биеллээ олдог ажээ.
Мандширын ЗАЯА Àëòàí áîñãî ñýòã¿¿ëýýñ

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: